Чоно ба долоон ишиг

Эрт урьдын цагт эрх танхил долоон ишигтэй эелдэг сайхан ааштай нэгэн ямаа байжээ. Түүнд нялх хонгор ишигнүүдээс нь өөр нандин эрдэнэ үгүй гэнээ.
Ямаа нэгэн удаа өвсний шимтэй, усны тунгалагт идээшлэхээр явахдаа ишигнүүдээ дуудаад:
- Энхрий үрс минь ээж нь явлаа. Хүүхдүүд минь чононоос болгоомжлоорой. Араатан чоно ороод л ирвэл арьстай үстэй чинь залгичихна шүү. Хорлолтой тэр амьтан ямар ч дүрд хувирчихсан байж мэднэ. Хууртав аа! Тэр хахир бүдүүн дуутай, хар саарал хөлтэй гэдгийг та нар мэднэ шүү дээ гэж хэлжээ.

Тэгтэл ишигнүүд нь “Зүгээрээ зүгээр, ээжээ. Санаа зоволтгүй ээ. Зөндөө яргуй авчраарай. Өөдгүй муу чоно ирвэл үүдээ бид нээхгүй” хэмээн зэрэг зэрэг майлалдаж гэнэ. Ээж нь тэднийхээ цовоо дуунд баясаж, энхрийлж нэгэнтээ майлчихаад л замдаа гарчээ.
Удаа ч үгүй байтал тэдний хаалгыг хэн нэг нь тогшиж:
- Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа гэжээ.
Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чоно байна гээд төвөггүйхэн таньчихжээ. Тэгээд:
“Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж маань энхрий зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чоно байна шүү дээ” гэж майлалдаж гэнэ.
Чоно “Гайгүй ээ, та нарыг дээ” гэж үглэснээ хүнсний мухлаг руу харайлгажээ. Мухлагаас тэр түүхий өндөг авч уугаад дуугаа шингэрүүлж гэнэ.
Чоно эргэж очоод хаалгыг нь тогшиж:
- Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа” гэж шингэн дуугаар хэлжээ.
Ингэж хэлэхдээ чоно урд хөлөө цонхон дээр тавьчихсан байсныг нь ишигнүүд олоод харчихжээ. Тэгээд тэд:
- Хаалгаа бид нээхгүй ээ. Хайртай ээж минь цагаахан хөлтэй. Харин та бол хар саарал хөлтэй, хатуу сэтгэлт чоно байна шүү дээ гэж майлалдаж гэнэ. “За гайгүй ээ, та нарыг залгихдаа л нэг залгина” гэж чоно үглэсээр өвгөн талхчныд очжээ. Тэгээд талхчинд:
- Ёох ёох. Би хөлөө гэмтээчихлээ. Алив зуурсан гурил хурдхан шиг түрхээдэх гэжээ.
Өвгөн талхчин зуурсан гурилыг чонын хөлөнд зузаан гэгч нь түрхэж өгчээ.
Дараа нь чоно тээрэмчин дээр очоод:
- Хөлөн дээр минь хуурай гурил цацаадах гэв.
Тээрэмчин “Хэзээний энэ зальтай амьтан хэн нэгнийг мэхлэх л гэж байна дээ” гэж бодоод “Үгүй ээ, чадахгүй” гэж гэнэ.
“Алив хурдал. Шанага гурилаа харамлаад байвал чамайг ч гэсэн иднэ шүү” гэж чоно сүрдүүлэхэд тээрэмчин айсандаа шанага гурилаа санд мэнд цацаж өгөөд явуулжээ.

Гайхал саарал гурав дахь удаагаа ирж хаалгыг нь тог тог тогшоод:
“Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуйтай ирлээ” гэж энхрий ялдам дуугаар хэлжээ.
“Эхлээд бидэнд хөлөө үзүүл. Ээж минь мөн эсэхийг мэдье” гэж ишигнүүд майлалдаж гэнэ. Чоно хөлөө цонхон дээр тавихад хөл нь цагаан харагдаж гэнэ. Ишигнүүд ээжийгээ гэж итгээд үүдээ нээжээ.
Гэтэл хэн орж ирсэн гэж бодно. Араа шүд нь ярзайсан, жартгай саарал чоно байлаа. Ишигнүүд сүнсээ зайлтал айж нэг нь ширээн доогуур, хоёр дахь нь орон доогуур, гурав дахь нь пийшин дотор, дөрөв дэх нь тогооны саванд, тав дахь нь шүүгээнд, зургаа дахь нь угаалтуур дотор, долоо дахь нь ханын цагны гэрэн дотор харайн орж нуугдацгаалаа. Чоно тэднийг хүүе хаая гэхийн зуургүй олоод нэг нэгээр нь залгиж орхилоо. Харин хамгийн жижиг ишиг нь цагны гэрэнд нуугдсаныг чоно анзааралгүй орхижээ. Ховдог саарал чоно гэдсээ дааж ядан алхсаар гэрээс гарч, нэгэн модны ёроолд хэвтээд, хахир муухай дуугаар хурхиран унтаж гэнэ.

Тэгтэл удалгүй энхрийхэн ишигнүүддээ яаран, шовор шовор шогшсоор эх ямаа иржээ. Хөөрхий ямаа гэтэл юутай учирсан гээч. Хаалга үүд нь дэлгэгдэж, хамаг ширээ сандал нь яйжийж хэмхрээд, сав суулга, ор дэр нь шалаар нэг хөглөрчихсөн байх юм гэнэ.
Ишигнүүдээ ямаа эрээд хайгаад олсонгүй. Нэр зүсээр нь дуудавч нэг ч хариу алга гэнэ. Харин тэгтэл хамгийн бага ишиг нь “Хайрт ижий минь би цагны гэрэн дотор байна” хэмээн дуулдах төдий майлжээ. Ээж нь түүнийг гаргаж автал айсандаа бүр бөмбөлзтөл чичирч, бөмбөртөл уйлаад “Аймшигт чоно, ах эгч нарыг маань цөмийг нь залгичихсан” гэж хэлжээ.
Хөөрхий эх нь тэднийхээ хойноос хичнээн их уйлж харууссан гэж санана. Түүнийг гашуудан уйлсаар гадагш гарахад бяцхан ишиг нь араас нь дагажээ. Ямаа гэрээсээ гараад ойролцоох модны ёроолд нэгэн бүдүүн саарал юм хэвтэж байхыг олж харжээ. Ойртон очвол нэг чоно модны ёроолд хэвтээд мөчир чичиртэл хурхиран унтаж байна гэнэ. Сайн ажиглавал түүний голийж цүдийсэн гэдсэн дотор нь ямар нэг юм хөдлөх ажээ. “Тэнгэр минь, хүүхдүүд маань амьд байгаа юм биш үү? гэсэн бодол ямаанд төрж ишгээ гэр лүүгээ гүйлгэж усас, зүү, хутга авчруулжээ. Тэгээд ухаангүй унтаж буй чонын гэдсийг зүсэж орхитол нэг ишигний толгой цухуйлаа гэнэ. Гэдсийг нь бүр том зүстэл зургаан ишиг нь ар араасаа цувран гарч иржээ. Хомхой чоно сувдаглахдаа хөөрхий тэднийг бүхэл бүхлээр нь залгисан нь харин ч аз шүү. Ишигнүүд хайртай ээжээ тэврэн үнсэж, халуун энгэрт нь эрхлэн наадаж, баярлан дэвхцэж гэнэ. Энхрий хонгор үрстэйгээ эсэн мэнд уулзсандаа баярласан ямаа нулимсаа арчаад:
- Алив хүүхдүүд минь, чулуу түүгээд ир. Аймшигтай энэ араатанг сэрэхээс нь өмнө гэдсэнд нь чулуу чихээд оёчихьё гэжээ.
Ишигнүүд ч яах ийхийн зуургүй баахан чулуу түүж ирээд чонын гэдсэнд багтах чинээгээр нь чихжээ. Ямаа гэдсийг нь оёж байхад чоно яраглан зүүдэлсээр л унтаж байв гэнэ. Унтаж унтаж нойр нь ханасан чоно босоод иржээ. Гэдсээр нь дүүрэн чулуу байгаа болохоор ам нь их цангасан байж гэнэ. Чоно ус уухаар худаг руу явлаа. Түүний алхах тоолонд гэдсэн дэх чулуунууд нь харшилдан мөргөлдөж хөл нь гуйвалж байжээ.
Тэр худаг руу очих замдаа,
“Ходоод гэдсэн дотор маань
Харшин дуугарах нь юу вэ?
Зургаан ишиг гэж бодсон чинь
Чулуу шив дээ, ээ чааваас гэж” үглэн үглэн явж гэнэ.
Тэгээд чоно худгийн дэргэд очоод ус уухаар тонгойтол гэдсэн дэх хүнд чулуундаа татагдан худагт унажээ.
Ишигнүүд түүнийг очиж үзээд:
- Чоно үхчихжээ. Чоно үхчихжээ хэмээн баярлан майлалдаж ээжтэйгээ худаг тойрон бүжиглэж баясан хөгжилдөцгөөжээ. Ингээд эрх танхил долоон ишиг ээжтэйгээ хамт айх аюулгүй амар сайхан жаргаж гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: